“ХЭРЛЭНГИЙН БАРЬЯА” УРТЫН ДУУНЫ АНХДУГААР НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн “Монгол ардын уртын дуу” өвийг олон нийтэд сурталчлан түгээх, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, баримтжуулах, бүс нутгийн өвийн онцлогийг дэлгэрүүлэх, Хэрлэн гол, түүний ай сав дахь түүх, соёлын дурсгалт газрыг түшиглэсэн соёлын эвентийг бий болгох зорилготой “Хэрлэнгийн барьяа” уртын дууны анхдугаар наадам 2021 оны 08 дугаар сарын 27,28,29-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн нутагт орших “Сэрвэн хаалга” хэмээх түүх, соёлын дурсгалт газар амжилтай зохион байгуулагдлаа.
Энэхүү наадмыг Соёлын биет бус өвийг Олон улсын цахим мэдээллийн санд байршуулан сурталчлах ICHLINKS төслийн хүрээнд, ЮНЕСКО-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн соёлын биет бус өвийн ОУ-ын мэдээлэл, сүлжээний төв (ICHCAP)-ийн санхүүжилтээр зохион байгуулсан бөгөөд Соёлын өвийн үндэсний төв, “Хэрлэн-Сэрвэн Хаалга байгаль, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, судалгаа, мэдээллийн төв” ТББ-тай хамтран санаачлан зохион байгуулж, Соёлын яам, Дэлхийн өв-Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа, Хэнтий аймгийн ЗДТГ дэмжиж оролцов.
“Хэрлэнгийн барьяа” уртын дууны анхдугаар наадамд Хэрлэн голын сав газарт оршдог 4 аймаг, 20 сумын соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн төлөөлөл оролцсоноос Хэнтий аймгийн Мөрөн сумын ардын авьяастан Г.Наранжаргал тэргүүн байр эзэллээ. Тус наадамд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, оролцогчид нартаа гүн талархал илэрхийлье.
Search