“ЧУЛУУН СОЁЛЫН ӨВ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР /2019-2024/

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 69 дүгээр тогтоолоор батлагдсан "Чулуун соёлын өв" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2019 онд хийгдсэн үйл ажиллагааны мэдээллийг цувралаар хүргэж байна.
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт орших Баруун элгэний бичээс:
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төвөөс баруун урагш 30 орчим км зайд байрлах Дэлгэрхангай уулын Баруун элгэн хэмээх хаданд 7.6 м орчим өндөр цохионы элгэнд газраас дээш 3.4 м өндөрт, 1.3 м өргөн, 1 м өндөр талбайтай хадны гадаргууг бүхэлд нь тусгайлан засаж тэгшлэн, 1-2 мм орчим гүн сийлсэн эртний ханз үсэг бүхий бичээс бий. Ханзны нүдэлсэн хэмжээ 4х4 см, мөр хоорондын зай 2.5-З см, мөрийн өндөр ойролцоогоор 90 см, ханзны хоорондох зай 3.5-4.5 см байна. Нэг мөрийн дүүргэлт 14 ханз үсэгтэй аж. Энэхүү бичээсийг Чингис хаан дээд сургууль, Өвөрмонголын их сургуулийн багш нар хамтарч илрүүлэн, судалж Умард Хүннү, Хан улсуудын харилцааг өгүүлсэн, Монгол орны нутгаас анх удаа олдсон Хүн гүрний үеийн томоохон бичгийн дурсгал хэмээн үзжээ.
Соёлын өвийн үндэсний төв нь түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн өндөр ач холбогдол бүхий дээрх дурсгалын хэв, дардасыг авч, хуулбарыг хийн, баримтжуулах ажлыг "Чулуун соёлын өв" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2019 онд гүйцэтгэлээ. Дурсгалын хэв, дардасыг авч, хуулбар хийх нь он цагийн уртад балартан буй өвийг эх төрхөөр нь архивлан хадгалах, үзмэр болгон ашиглах, хамгаалах, сурталчлахад өндөр ач холбогдолтой юм.
Search